“БҮСГҮЙ МИНЬ ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ” ДУУНД АЛБА ХААГЧИД БҮЖИГЛЭВ

authoradmin date25-03-2015, 08:24 categoryМэдээ мэдээлэл 214 Үзсэн

Урин дулаан зун цаг айлсаж удахгүй эх үрсийн баяр болох гэж байгаа энэ үед эмэгтэйчүүдийн гэх тодотголтой ШШГЕГ-ын  харьяа Хорих 407 дугаар ангийн эмэгтэй алба хаагчдад зориулсан нээлттэй өдөрлөгийг ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газраас 5 дугаар сарын 19-ний тус ангид зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн эхэнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа П.Гантөмөр, Хорих 407 дугаар ангийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн дарга, ахмад Ж.Отгонсайхан, Биеийн тамир, соёл, олон нийтийн төвийн дарга, хошууч Д.Бумбаяр нар мэдээлэл хийж алба хаагчдын санал хүсэлтийг нээлттэй сонссон юм. Мөн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг Хуулийн хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Д.Сандаг хийсэн юм.

Өдөрлөгөөр Захиргааны удирдлагын газрын алба хаагчид тус ангийн алба хаагчдад хувийн хэргийн бүрдэлт, үс засалт, фото зураг, эрүүл мэндийн шинжилгээний үйлчилгээ үзүүлсэнээс гадна ШШГЕГ-ын алба хаагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн тавьж цай, кофе амттанаар дайлсан юм.

Анх томилогдсоноосоо хойш хувийн хэргээ хараагүй 18 жил болж, залуу үеийн зургаа харах сайхан байна гэхчилэн өдөрлөгийн үйл ажиллагаанд баярласан талархсан алба хаагчид сэтгэлийн үгээ харамгүй хэлсэн юм.

Энэ үеэр алба хаагчдад Монголын эстрадын дууны нэрт төлөөлөгч, Баянмонгол чуулгаар овоглогдсон МУГЖ дуучин Ж.Уранчимэг, дуучин н.Хатанбаатар, Биеийн тамир, соёл, олон нийтийн төвийн мэргэжилтэн, дэслэгч, СТА Э.Болормаа тэргүүтэй дуучид, уран бүтээлчид ая дуугаа өргөн барьж тэдэнтэй дуулж, бүжиглэлээ. "Цэрэг хувцастай бүсгүй”, "Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, "Шүүдэр цэцэг” зэрэг эх хүн, эмэгтэйчүүдийн сэдэвтэй дуунууд эгшиглэсэн энэ үдэш өдөрлөгийн эзэд маань эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархсан биз ээ. Бид ч тэртусмаа төрийн онцгой хүнд албыг нэр төртэй хашиж байгаа тэднээр бахархах сэтгэл төрснийг нуух юун.

Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа нэр бүхий алба хаагчдыг шагнасан юм. Үүнд: Хорих 407 дугаар ангийн ерөнхий жижүүр, дэслэгч Л.Одмаа, оёдлын технологич, дэслэгч М.Сувдмаа нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын "Хүндэт тэмдгээр”, тооцооны нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Энх-Оргил, сувилагч, ахлагч Л.Баярмаа, хянагч ахлагч О.Мөнхцэцэг нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын "Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр тус тус шагналаа. Мөн олон жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай уран бүтээлээрээ хамтран ажиллаж байгаа МУГЖ Ж.Уранчимэг болон БНСУ-аас сайн үйлсийн ажлаар өдөрлөгийн үйл ажиллагаанд ирж алба хаагчдын үсийг засаж өгсөн хоёр үсчин бүсгүйд талархлын бичиг гардуулсан юм.

Эмэгтэй алба хаагчдад зориулсан энэ удаагийн өдөрлөг Захиргааны удирдлагын газраас алба хаагчдадаа зориулсан хоёр дахь удаагийн арга хэмжээ боллоо.

 



Сэтгэгдэл

*





* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив